2024.01.29 - 2024.02.02

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Дүрэм 1: Хэзээ ч битгий мөнгөө алд.

Дүрэм 2: Дүрэм 1-ийг хэзээ битгий март."

- Уоррен Баффет

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,154.96 нэгжид хүрч 1.83%-ийн өсөлттэй хаагдлаа. Зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоодог "Fitch" агентлаг Монгол улсын урт хугацааны гадаад өрийн зээлжих зэрэглэлийг "B" буюу тогтвортой төлөвт шинэчилж үнэллээ. "Fitch" агентлаг Монгол улсын гадаад худалдаа түүхий эдийн борлуулалтаас 90% буюу шууд хамааралтай байгаа нь өндөр эрсдэлтэй байна гэж онцолжээ. Мөн Монгол улсын инфляцын түвшнийг 2024 онд 8%, 2025 онд 7% байх төлөвтэй буюу Монголбанкны зорилтот түвшинд орохоор байгааг онцолсон байна


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын томоохон хувьцаат компаниудын 2023 оны 4-р улирлын тайлан болон тус улсын эдийн засгийн онцлох мэдээнүүд өнгөрөгч 7 хоногт хувьцааны зах зээлд хүчтэй савлагаа үүсгэлээ. Тодруулбал, S&P 500 индекс болон Nasdaq Composite индекс Лхагва гарагт хүчтэй уналт үзүүлсэн ба үүний шалтгаан нь Microsoft, Alphabet, болон чип үйлдвэрлэгч Advanced Micro Devices. компанийн 2023 оны 4-р улирлын ашигт ажиллагаа хүлээлтэд хүрээгүйтэй холбоотой байлаа. Харин Пүрэв гарагт хувьцааны зах зээл өсөлт үзүүлсэн ба Amazon.com, Meta Platforms, болон Apple. компанийн 2023 оны 4-р улирлын ашигт ажиллагаа сайн гарсан нь голлон нөлөөллөө. Лхагва гарагт болсон Холбооны нөөцийн сангийн ээлжит Мөнгөний бодлогын хурал зах зээлийн анхаарлын төвд байлаа. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалсан боловч зах зээлийн 3-р сард бодлогын хүүг бууруулна гэх хүлээлтийг няцаалаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.26% буурсан бол STOXX Europe 600 индекс 0.02%-ийн өсөлттэй хаагдлаа. Евро бүсийн эдийн засаг 2023 оны 4-р улиралд эдийн засгийн хямралаас зайлсхийсэн буюу Евро бүсийн эдийн засаг 2023 оны 4-р улиралд 0.1%-ийн өсөлттэй гарлаа. Евро бүсийн 2024 оны 1-р сарын инфляцын түвшин 2.9%-иас 2.8%-д хүрч буурлаа. Суурь инфляцын түвшин 3.4%-иас 3.3%-д хүрч буурлаа. Английн төв банк ээлжит Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ 5.25%-д хэвээр хадгалсан нь сүүлийн 16 жилийн хамгийн дээд түвшин юм.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.14%, TOPIX индекс 1.68%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Япон улсын төв банкны Мөнгөний бодлогын хурал 1 сарын 22-23-ны өдөр болж өнгөрлөө. Төв банкны бодлого боловсруулагчид хүлээлтийн дагуу Мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах шийдвэр гаргалаа. Тодруулбал, бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Япон улсын төв банкны Ерөнхийлөгч Мөнгөний хэт зөөлөн бодлого үр дүнгээ өгч, тогтвортой инфляцын түвшний нөхцөл хангагдаж байгааг мөн онцлоод байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 6.19%, CSI 300 индекс 4.63%-ийн тус тус 7 хоногт уналттай хаагдлаа. Shanghai Composite индекс өнгөрөгч 7 хоногт ийнхүү өндөр уналттай хаагдсан нь 2018 оноос хойших анхны тохиолдол болж байна. БНХАУ-ын шилдэг 100 орон сууцны барилгын компанийн шинэ орон сууцны борлуулалт 1-р сард өмнөх оныхоос 34.2%, 2023 оны 12-р сард сард 34.6%-иар тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа.

Дэлгэрэнгүй

Монгол улсын банкны салбарын хамгийн том 5 банк 2023 онд бүгд нээлттэй компани болсон билээ. Санхүүгийн салбарын хамгийн том банкнууд нээлттэй болсон боловч Хаан банк ХК (KHAN) хувьцааны ханш өсөлттэй байгаа бол бусад 4 банкны хувьцааны ханш уналттай арилжаалагдаж байна.


Дараах зурагт банкны хувьцааг үнэлэхэд шаардагдах голлох харьцаа үзүүлэлтүүдийг үзүүллээ. Хаан банк ХК (KHAN) P/B харьцаа 0.98, Голомт Банк ХК (GLMT) P/B харьцаа 0.77, Төрийн Банк ХК (SBM) P/B харьцаа 0.66 буюу тус тус 1-ээс бага байна. Энэ нь тус 3 банкны зах зээлийн үнэлгээ, өөрийн хөрөнгөөсөө багаар үнэлэгдэж байгаа буюу хямд үнэлэгдэж байгааг илэрхийлж байна.


Хөрөнгө оруулагч нь хувьцааны ханшийн зөрүү болон ногдол ашгийн өгөөжөөр дамжуулан хөрөнгө оруулалтын өгөөж хүртдэг. Тэгвэл Хаан банк ХК (KHAN) ногдол ашгийн өгөөж 10.86% буюу хамгийн өндөр байх хүлээлттэй байна.


Жич: 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас тараах ногдол ашгийн таамаглалыг шинжээч нийт цэвэр ашгийн 40%-ийг ногдол ашгаар тараана гэж тооцоолсон болно.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж буурч 4.02%-д хүрлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.71%-иас 0.68% хүрч буурлаа. Тус улсын төв банк 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжөө 1.0%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 2024.01.31 


"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд: 

  • Арилжааны системийн сайжруулалт -63.7%

  • Мэдээлэл технологийн аюулгүй байдал -10.7%

  • Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт -6.1% 

  • Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох-19.5%.

Дэлгэрэнгүй

ЭРДЭНЭ РЕСУРС НЬ ӨНДӨР АГУУЛГА БҮХИЙ БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 2024.01.31 


Тус компани Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гарган, төсөл хөгжүүлэлтийн хүрээнд Монгол Улсын уул уурхайн салбарт тэргүүлэгч хувийн компани болох MMC-тэй байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг эцэслэсэн тухайгаа танилцууллаа. 


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

БНХАУ-ын "CAIXIN" ИНДЕКС 3 САР ДАРААЛАН ТЭЛЭЛТИЙН БҮСЭД ОРОВ

 2024.02.02 


Нэгдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын "Caixin" индекс 50.8 нэгжид хүрсэн нь 2023 оны 12 дугаар сарынхаас өөрчлөлтгүй байж эдийн засагчдын таамагтай таарлаа.

Дэлгэрэнгүй

ХАА-н САЛБАР 9 ХУВИАР АГШСАН НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЖИГД БУС БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА

 2024.01.29 


Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2024 онд дөрвөн тэрбум ам.доллар хүргэхийг зорьж байгаагаа Эдийн засаг, Хөгжлийн яам мэдэгдлээ.


2023 онд уул уурхайн салбар 33 хувиар, тээврийн салбар 58 хувиар үйлчилгээний салбар, 8.7 хувиар тэлсэн нь эдийн засгийн нийт өсөлтийг голлон дэмжсэн байна. Харин оны эхнээс өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малын хорогдол 2009 оноос хойших дээд хэмжээнд хүрч, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл буураад байгаа аж.

Дэлгэрэнгүй